- 2012.10.01
- Танин мэдэхүй
Шоколад эрүүл мэндэд хэрэгтэй
Герман мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар, өдөр бүр бага хэмжээний шоколад идэх нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нь 40 хувь бууруулдаг болохыг тогтоожээ. Хүний хэрэглээний хүнс тэжээл судлах хүрээлэнгийн мэргэжилтнүүд энэ судалгаандаа 19300 хүнийг хамруулан найман жил гаруй амьдралынх нь хэв маягийг судалсан байна. Судалгаагаар өдөрт дунджаар 7,5 грамм шоколад иддэг хүмүүсийн цусны даралт бага байсан бөгөөд шоколад иддэггүй хүнтэй харьцуулахад зүрхний шигдээс зэрэг зүрхтэй холбоотой өвчин тусах эрсдэл 39 хувь бага байдгийг тогтоожээ. Какао дахь флаванол гэдэг бодис зүрх болон цусны даралтад эерэгээр нөлөөлдөг учир шоколад ийм үр дүн үзүүлдэг гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна. Тиймээс хар шоколад илүү их какаотой учир илүү үр дүн өгнө гэж хэлжээ. Судалгаагаар мөн шоколад иддэггүй 10 мянган хүнээс 219 нь зүрхний өвчин тусдаг болохыг тогтоожээ. Хүн өдөрт дор хаяж 7,5 грамм шоколад идвэл 219 гэсэн тоо 85-аар буурч болох юм гэж Герман мэргэжилтнүүд зөвлөсөн байна.
Орчин үед хүмүүсийн стресст орох явдал ихэссэн гэж үздэг. Учир нь нийгмийн олон талын өөрчлөлт хүнд шууд нөлөөлж, тэд үүнтэй дасан зохицох арга замаа хайхдаа стресст ихээр ордог ажээ. Гэвч үүнээс гарах арга замаа олохгүй явсаар буруу үр дагаварт хүрэх нь ч бий. Стрессээс гарах олон янзын аргууд байдаг. Жишээлбэл: Гэрийн ажил хийж стрессээ гаргах, дуулж, бүжиглэх, чанга хөгжим сонсож стрессээ тайлах, тэр ч байтугай өөртэйгөө ярьж стрессээсээ ангижирч болдог гэнэ. Харин стрессд орсон бүх насны хүмүүст шоколадыг санал болгоё! Энэ талаарх судалгаанууд олон орнуудад хийгддэг бөгөөд уг судалгаанд стрессд өртөмтгий болон стрессд бага ордог хүмүүсийн бие махбодын бодисын солилцоо болон гэдсэн дотор агуулагдах микробын үйл ажиллагаа нь ялгаатай байдаг нь нотлогджээ. Хэрэв та өдөрт ойролцоогоор 40 грамм шоколад идвэл таны бие махбодын бодисын солилцоо нэмэгдэж, улмаар шээсэнд агуулагдах стрессийн кортизол дааврын хэмжээ буурснаар сэтгэлзүйн стресс буурдаг нь нотлогджээ.Тэгэхээр шоколадыг бид тодорхой хэмжээнд тохируулан хэрэглэвэл үр нөлөөтэй гэдэг нь батлагджээ.
Элэгний өвчтэй хүмүүст шоколад сайн нөлөөтэй гэсэн судалгааг АНУ- эрдэмтэд 2010 оны 04 сарын 16-нд гаргалаа. Өөрөөр хэлбэл хар шоколадаар баялаг какао нь элэгний циррозтой хүмүүст нэгэн талын эмчилгээ болж чадна гэнэ. Учир нь какао дахь найрлага нь хүний судас шөрмөсийг амрааж зангирсан юм уу ачаалалтай байгаа хэсгийг сулруулдаг байна. Элэгний цирозтой 21 хүн дээр хийсэн судалгаанаас харахад хоол хүнсэндээ хар шоколад хэрэглэх нь элгэн дэх цусны даралтыг багасгадаг нь батлагджээ. Энэхүү судалгаа нь европын элэгний судалгааны нэгдсэн ассоциацын хурал дээр анх олны хүртээл болсон байна. Мөн хар шоколад нь зүрхний үйл ажиллагааг дэмждэг гэсэн сүүлийн үеийн судалгаа ч байгаа юм байна. Элэгний цирроз нь архины хор уршгаас хүнд үүсдэг маш аюултай өвчин юм байна.