• 2012.12.20
  • Хууль эрх зүй

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай: I Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах

тухай хууль тогтоомж

2.1.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Үндэсний аюулгүй байдлын тухай[2], Хүнсний тухай, Усны тухай[3], Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай[4], Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай[5], Тариалангийн тухай[6], Ургамал хамгааллын тухай[7], Төрийн хяналт шалгалтын тухай[8], Ариун цэврийн тухай[9], Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль[10], энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль хүнсний түүхий эдийн анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон тэдгээрийг хадгалах, тээвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох, хүнсийг савлах, шошголох зэрэг хүнсний сүлжээний бүх үе шатанд үйлчилнэ.

3.2.Ургамал хамгааллын тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулснаас бусад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбогдон үүсэх харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.3.Энэ хууль мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээл, газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдлыг хангахтай холбогдон үүсэх харилцаанд үйлчилнэ.

3.4.Энэ хууль иргэн хувийн хэрэгцээндээ зориулан хүнс бэлтгэх, боловсруулах, хадгалах харилцаанд үйлчлэхгүй.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“хүнсний бүтээгдэхүүн” гэж Хүнсний тухай хуулийн 3.1.1-д зааснаас гадна савласан ус, бүх төрлийн ундаа, бохь, хүнсний нэмэлтийг;

4.1.2.“хүнсний түүхий эд” гэж мал, амьтан, ургамал, эрдсийн болон бусад гаралтай түүхий эд, түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулахад хэрэглэдэг усыг;

4.1.3.“хүнсний нэмэлт” гэж Хүнсний тухай хуулийн 3.1.9-д заасныг;

4.1.4.“хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал” гэж хүнсийг зориулалтын дагуу бэлтгэж хэрэглэхэд хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, сөргөөр нөлөөлөхгүй байхыг;

4.1.5.“хүнсний эрүүл ахуй” гэж хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүхий л нөхцөл, шаардлагыг;

4.1.6.“хүнсний сүлжээ” гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг;

4.1.7.“анхан шатны үйлдвэрлэл эрхлэх” гэж ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг тариалах, хураах, бэлтгэх, мал, амьтан, загас өсгөх, үржүүлэх, мал бэлтгэх, төхөөрөх, түүхий сүү бэлтгэх, боловсруулах, байгалийн гаралтай жимс жимсгэнэ, ургамлыг түүх, тэдгээрийг зах зээлд нийлүүлэхийг;

4.1.8.“хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлс” гэж машин техник, тоног төхөөрөмж, зоорь, агуулах, багаж хэрэгсэл, сав, баглаа боодол зэрэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдан борлуулахад ашиглаж, хэрэглэж байгаа зүйлийг;

4.1.9.“бохирдуулагч” гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд өөрт нь агуулагддаг, эсхүл хүнсний сүлжээний үйл ажиллагааны явцад, түүнчлэн хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлийн бохирдлоос бий болсон хими, физик, биологийн хүчин зүйлсийг;

4.1.10.“пестицидийн үлдэгдэл” гэж Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн[11] 3.1.5–д заасан бодисын үлдэгдлийг;

4.1.11.“малын эм, бэлдмэлийн үлдэгдэл” гэж мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх малын эм, түүний бохирдол, тэдгээрийн малын биед орж хувирсан нэгдлийн үлдэгдлийг;

4.1.12.“хадгалах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн түвшинд байх, тухайн хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь муудах буюу өөрчлөгдөх хугацааг;

4.1.13.“хэрэглэж дуусах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг;

4.1.14.“тусгай хоолны дэглэмтэй хүнд зориулсан хүнсний бүтээгдэхүүн” гэж нярай, бага насны хүүхдийн болон сувиллын хоолны дэглэм, шаардлагад нийцүүлэн боловсруулсан түүхий эд, бүтээгдэхүүнийг;

4.1.15.“хуурамч хүнсний бүтээгдэхүүн” гэж хүнсний бүтээгдэхүүний орц найрлагад зайлшгүй орох зүйлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хийгээгүй, хассан, эсхүл өөр зүйлээр орлуулсан, түүнчлэн муудсан, чанараа алдсан бүтээгдэхүүний өнгө үзэмжийг засах, жин хэмжээг нэмэх, хасах зэргээр бодит байдлыг нь нуун далдалсан, өөрчилсөн хүнсний бүтээгдэхүүнийг;

4.1.16.“хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч” гэж Хүнсний тухай хуулийн 3.1.12–т заасныг;

4.1.17.“бүтээгдэхүүний цуврал” гэж үйлдвэрлэлийн технологийн нэг удаагийн шат дамжлагаар үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний багцын тоо хэмжээг;

4.1.18.“хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт" гэж хүнсэн дэх физик, хими, биологийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээг;

4.1.19.“хөдөө аж ахуйн зохистой дадал” гэж мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд тэдгээрийн аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүх нөхцөл, үйл ажиллагааг;

4.1.20.“эрүүл ахуйн зохистой дадал” гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагааг;

4.1.21.“үйлдвэрлэлийн зохистой дадал” гэж үйлдвэрлэлийн бүх үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг.

5 дугаар зүйл.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг

хангах зарчим

5.1.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад дараах зарчмыг баримтална:

5.1.1.хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах;

5.1.2.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах;

5.1.3.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, баримтад тулгуурлан тодорхойлох;

5.1.4.хяналт шалгалт нь эрсдэлд суурилсан байх;

5.1.5.хүнсний зориулалтаар бэлтгэх мал, амьтан, таримал ургамал эрүүл байх.